Богд Зонхавын мэндэлсэн ГҮМБҮМ хийдэд зорчсон нь
Нүүр
Богд Зонхавын мэндэлсэн ГҮМБҮМ хийдэд зорчсон нь

Богд Зонхавын мэндэлсэн ГҮМБҮМ хийдэд зорчсон нь

Тэмдэглэл-1

Наран ээвэрлэх дэлгэр зуны өглөө Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудлыг зорин давхих зуур байгалийн сайхнаа нэг сэм бишрэв. Ойрд хотоос гараагүй болоод тэр үү, зүлэг ногоо сугсран газар дэлхий зуны гоёлоо өмссөн мэт тунамал сайхан болсон гэж жигтэйхэн. Төд удалгүй номын нөхдийн хамт Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудлаас Хөх хотыг зорин нислээ. Энэ бол 2023 оны 8 дугаар сарын 13.

Ийн зорихын учир болбоос:

Өдгөөгөөс 666 жилийн тэртээ (1357 онд) энэ ертөнцөд Хоёрдугаар бурхан хэмээн алдаршсан Богд Зонхав эснэж (мэндэлсэн) хүй цүглэсэн дагшин орноо сүндэрлэсэн Гүмбүм хийдийг зорьж буй болой.

2020-2023 онд Богд Зонхавын алдарт бүтээлүүдийн шим “Бодь мөрийн зэрэг” гурван жилийн тусгай хөтөлбөрт сургалтад суралцсан номын нөхөд өнгөрсөн хаврын 6 дугаар сард Төгсөлтийн баяраа тэмдэглэн Номын хуримаар бялхах ахуйд Гүмбүм хийдэд мөргөх ерөөл талбицгаан ийнхүү эхний ээлж явж буй нь энэ.

Хоёр цаг гаруй нисэж Хөх хотод газардаж, тэр оройноо галт тэргээр цааш хөдөллөө. Хөх хотоос Шининь орох галт тэрэг ойролцоогоор 17-18 цаг явах аж. Орой суусан болохоор галт тэргэнд ороод л бараг нам унтацгаав. Галт тэрэгний зорчигчид ихэнх нь Хятадууд бололтой. Өглөө эрт л дуу шуу болцгоон хоол ундаа идэж ууцгааж зогсоо зайгүй хүүрнэлдэнэ.

Бид ч өглөө (2023.08.14) нэлээд тухтай амарцгааж бага үдийн алдад босож хөнгөн шиг унд цай болж галт тэрэгний цонхоор хол ойрыг ширтэнгээ элдвийг хүүрнэлдэцгээв. Тэр болгон уулзаж амждаггүй хүмүүс Бурхан мэндэлсэн орноо зорчих нэгэн зорилго тээн нэгэн цагт нэг дор чуулж явна гэдэг нэг талаар нөхөрсөг уулзалт, сонин содон ихтэй аялал, басхүү тархи толгойгоо сэргээж шинэ санаа бодлоор өөрийгөө сэлбэсэн сайхан амралт болж байна.

Бидний сэдэв улс орны хөгжил, хүмүүсийн соёл боловсрол гээд чөлөөтэй байх боловч гол зорилгоос үл халин Монголчуудын түүх, Богд Зонхава, Буддын ном сургаал, түүх зэргийг тойрон эргэлдэнэ.

Үд дунд алдарт Шар мөрөн (Төвөдийн нуруунаас эх авч Орин нуур, Жаран нуураар өнгөрч Хятадын умард талаар урсдаг 5464 км орчим үргэлжлэх дэлхийн зургаадугаарт ордог урт мөрөн. Хатан гол ч гэж нэрлэх аж) гатлан Ланьжоу хотод ирлээ. Ланьжоу хот нь БНХАУ-ын Ганьсү мужийн засаг захиргааны төв, 13300 км2 нутаг дэвсгэр бүхий аймгийн энтэй хот аж.

Энэ хот бол монголчуудтай холбогддог түүхэн газар юм. Учир нь Өгэдэй хааны хоёрдугаар хүү Годан /1206-1251/ ноён 1247 онд Саж бандид Гунгаажанцан /1182-1251/ ламтай Ганьсу мужийн Ланьжоу хотод учран золгосноор Бурханы шашин Их монгол орноо хоёр дахь удаагаа дэлгэрэхийн эх үүтгэл болсон гэж судлаачид үздэг билээ. Саж бандид Гунгаажанцан бол хос ёсны сургаал болох Эрдэнийн сан Субашидыг зохиосон Сажын ёсны таван дээдсийн нэг юм. “Суръя гэвэл Субашид үз” хэмээн дээдэс мэргэд сургасан буй.

Ийнхүү Ланьжоу хотоос 2 цаг гаруй яваад Шининь хотод ирж буцах галт тэрэгний талбараа бичүүлж аваад Автобусаар Гүмбүм хийдийг зорилоо. Шининь хотоос Гүмбүм хийд 27 км. 2023 оны 8 дугаар сарын 14-ны орой бидний зорьсон газар Богд Зонхавын мэндэлсэн Гүмбүм хийддээ ирэх нь тэр. Бороо шиврэнхэн мөн ч сайхан байна даа Гүмбүм хийд минь. Өглөө эрт гороондоо явна даа.

Тэмдэглэл-2

Бид өглөө эртлэн босож хийдийн төв хаалга хараахан онгойгоогүй байсан тул зүүн өмнө хаалгаар ормогц бага Алтан дээвэрт сүм нүүрлэн, түүний завсар зайгаар бас бус хийдүүдийн алтан ганжир солбилдон ярайж Гүмбүмгийн алдарт 8 суварга нүднээ тодхон туссанд өөрийн эрхгүй сүжиг төрж алгаа хамтатган хэдэнтээ мөргөн залбираад нар зөв тойрон горооны замдаа гарлаа.

Гүмбүм хийдийн гороо ойролцоогоор 5 км орчим тойрог агаад горооны замыг их сайхан засаж жигдэлжээ. Зүүн өмнө зүгээс эхлэн нэлээд өгссөх замд Эв эеийн суварга сүндэрлэн, түүнийг өнгөрөөд хийдийн өмнө чигтээ ирэхэд зургаан мутарт Махагал сахиус нигуураа дотогш буюу хийдийн зүг хандан саатна. Түүний дэргэд сангийн бойпор байх ба арц хүж анхилан сүр болон элдэв зай үнэртэнэ. Эндээс хийдийг өмнөөс нь илхнээ харна.

Богд Зонхав гэгээнтний анхны багш бол Дондүвринчэн лам. Тэрбээр ном эрдэмд гарамгай, Ямандага бурханы егүзэрва бөгөөд бясалгалдаа Ямандаг бурхантай ямагт уулздаг байж. Нэгэн удаа Ямандага бурханаас “та надад бодит дүр лагшнаа харуулна уу” хэмээн айлтгасанд, Ямандага бурхан:

“Би дараа жилийн өдийд Зонгийн голын адагт өөрийн биеэр ирнэ. Тэр болтол санаа амар суу” хэмээн Дүндүвринчэн ламд айлдсан (Богд Зонхавын намтарт бий) гэдэг. Түүнээс инагш яг нэг жилийн дараа Зонгийн голын адагт нэгэн ер бусын хөвгүүн мэндэлсэн нь Богд Зонхава мөн бөлгөө.

Зонхава гэдгийн “Зон” гэдэг нь монголоор “Сонгино”, “ха” нь “ам” гэсэн үг бөгөөд төрсөн газрын нэрээрээ олонд алдаршжээ. Гүмбүм хийдийн газрын байц гэвэл “Сонгиноны ам” гэх зүүн хойш харсан аманд орших бөгөөд үүгээр Зон гол урсдаг байж. Хожим голын гольдролыг өөрчилжээ.

Мөн горооны баруунтаа Дамдин Чойжоо сахиус, хойд зүгт Балдан Лхам сахиус тус бүр нигуур хийдийн зүг ширтэн сахих ажээ.

Бид нар зөв гороолж сүм дуган, суварга шүтээнийг алсаас ширтэн залбирч басхүү баясалдан явсаар зүүн хойд хаалган суваргаар орж алдарт 8 суварга болон Таван хаан сахиусны дуганд мөргөж ажил үйлсээ даатгацгаан сэржим өргүүлэв. Таван хаан бол Гүмбүм хийдийн гол сахиус тул сүсэгтэн олон ажил үйлсээ ямагт даатган сэржим өргүүлэх ажээ. Цогчэн дуган болон Гүмбүм хийдийн гол шүтээн Алтан дээвэрт сүм тэргүүтнийг гороолж хурал номд аврал айлтгаж тааваар эргэл гороо үйлдэн, оройн Цогчэн хуралд сууж хурал номын дуу сонссон шигээ нэгэн өдрийг үдлээ. Маргааш нарийн нандин шүтээнүүдэд мөргөж хурал номд аврал айлтгана.

Үргэлжлэл-3

Гүмбүм хийдийн хурал өглөө 06:00 цагт эхлэх тул бид эртлэн босож хурлын уриа дуудлагад сэтгэл юүгээ хөглөн энэ өдрийн мөргөл эхлэв. Үүдний хаалгаар ороход тасалбар авдаг гэнэ. Харин монголчуудыг шууд оруулна. Учир нь Гүмбүм хийдийг байгуулах цагаас авахуулан өглөгийн эзнээр тэтгэж гавьяа их байгуулсныг одоо хэр хүндэтгэн үзэж монголчуудад тусгайлан ханддаг байна.

Өнөөдөр биднийг Шавран гэгээний шавь Лувсанбалдан лам хөтөчилнө. Шавран гэгээн бол монгол хүн бөгөөд Лхүндүв бандидагийн VI дүр Лувсанчүлтим мөн. Бидний ачит багш нар 1994 онд Гүмбүм хийдэд очиж суралцахдаа энэ Гэгээнтнээр ном хөтлүүлэн зарлиг увдисыг өвлөсөн тул бидний дамжлагын ачит номын багш мөн болой. Хавар 3 дугаар сард Гүмбүм хийдэд очихдоо Гэгээн багшид мөргөсөн юм. Тэрбээр эрдэм чадал таван талгүй агаад эмийн номд бүр ч гарамгай гэдэг. Цахар гэвшийн зохиосон Богд Зонхавын намтрыг төвөд хэлнээс монгол хэлнээ уран тансаг орчуулсныг 2021 онд кирилл бичигт хөрвүүлэн хэвлүүлсэн билээ.

Лувсанбалдан ламтай цаг болзож найман суварганы өмнө уулзалдан Гүмбүм хийдийн талаар ерөнхий танилцуулан дотогш хөтлөв. Гүмбүм хийд дотроо Жүд, Манба, Цаннид, Дүйнхор гэсэн 4 дацантай, төвөдийн зургаан их хийд (Гандан, Сэра, Брайбүн, Дашлхүнбэ, Гүмбүм, Лавран)-ийн нэг. Халх гарва, Сэрдог гарва зэрэг хэд хэдэн гарватай. Эрт цагт 3000 гаруй хуврагууд Гэлүгвийн ном сургаалыг үзэж судалж байсан. Одоо бол 300-600 лам хуврагууд шавилж буй аж.

Бидний мөргөсөн анхны сүм Сахиусны дуган. Бага Алтан дээвэрт сүм ч гэх аж. Гүмбүм хийдийн гол сахиус болох Таван хаан сахиус энд залрах ба дуганы Гонханы эргэн тойронд Сахиусны нөхөр сэлтийг бодитоор урлан бүтээж залсан байх ба сангийн бойпорт сан утлага анхилан сайхан үнэр хамаг цоргино. Дуганы хойморт далд Таван хаан сахиус залагдан эргэн тойрон ганзай буюу хангалаг эд сэлтийг бодитой урлан залжээ. Сахиусны өмнө тахил балин өрөөтэй, түүний өмнө хуврагууд урилга уншлагаа сонсголонтой гэгч нь аялгуулан уншиж томоо сэржмийн тавганд Сэржим өргөн тахил даатгал үйлдэн өглөгийн эздийн хүсэл горилыг хангах аж. Бид ч дор бүрнээ л Сэржим өргүүлж Дээд багш нарын өлмийн бат, үйлс нь дэлгэр байх хийгээд эх болсон зургаан хамаг амьтан амгалантай байхыг ерөнхийлөн зорьж тус тусын үйлийг тусгайлан даатгаж залбирцгаая.

Дээш өгсөн Аюушийн сүмд орж мөргөв. Насан хутгийг уртасгах Аюуш голлосон Бурхан багш, арван зургаан архад тэргүүтэн үүнээ заларна.

Чингээд Гүмбүм хийдийн гол шүтээн Сэрдончэнму буюу Алтан дээвэрт сүмийг зорив. Сэрдончэнмугийн өмнө байрлах Цогчэн дуганаар орж мөргөв. Дуганы талаар хөтөч лам: “За энэ Цогчэн дуган бол нийт 163 баганатай асар том дуган. Багана бүрийг луун хээтэй хивсээр ороосон. Энэ хивсийг монголчууд өргөсөн. Дуганы гол шүтээн Шагжаамүни бурхан, түүнийг тойроод залрах түмэн Богд Зонхавыг бас монголчууд өргөсөн гэдэг. 400-600 лам хувраг хурал хурах боломжтой. 4 дацангийн лам энэ дуганд цуглаж Цогчэн хурдаг. Лам нар дуганы үүдэнд гутлаа тайлаад хар хурдаараа гүйж ороод суудалдаа уламжлалтай. Энэ бол зөвхөн манай Гүмбүм хийдийн уламжлал” хэмээн тайлбарлав. Цогчэн дуган бол голын том хаалга, баруун зүүн хоёр хаалгатай, том цэлгэр, намхан жавдан суудалтай. Шал, багана, гүнгарваа зэрэг хийдийн алив бүгд нь хуучны маягтай. Тэгсэн хэрнээ маш цэвэрхэн. Хийдийн дөрвөлжин багана бүрийг луун хээтэй хивсээр ороосон зарим нэгийг ажвал үнэхээр “сэцэн хан аймгийн өглөгийн эзэн өргөв” гээд нэрийг бичсэн байхыг бодолхийлвээс Монголчууд Гүмбүм хийдийг байгуулагдах цагаас, за бүр Богд Зонхавыг мэндэлсэн ахуйгаас л ямар нэгэн байдлаар оролцож байсан мэдээ сэлт бий. Энэ тухай Богд Зонхавын намтраас уншина биз.

Цогчэн дуганы зүүн хаалгаар гараад дээшхинээ өгсөөд Алтан дээвэрт (төвөдөөр Сэрдончэнму) сүмд мөргөцгөөв. Бидний яг одоо мөргөн буй Гүмбүм хийдийн зүрхэн тушаа сүндэрлэх Алтан дээвэрт сүм бол Богд Зонхавын хүй цүглэсэн газраас ургасан Зандан модоор амь болгож бүтээсэн Алтан суварга болой.

Өдгөөгөөс 666 жилийн тэртээ 1357 онд Лхүмбүгэ Дархач хэмээх сүжиг төгөлдөр эгэл нэгэн ардын гэрт ер бусын нэгэн хөвүүн мэндэлсэн нь Манзушри бурханы бодит хувилгаан Богд Зонхав ажээ. Хүйг нь таслахад эхийн шунх туссан газраас Зандан мод ургаж, тэр модны салаа мөчир бүрд “Арслан хүрхрэлт” (Сэнгэ аро) бурхан буман (100,000) тоотой тодрон, навч бүрийг даган Манзушрийн зүрхэн тарни “Ум ара ба зана ди” урган гарсан гэдэг. Тэрхүү Зандан модыг амь болгоод түүнийг тойруулан модон суварга бүтээсэн байна. Улмаар тэр суваргыг мөнгөлж, эдүгээ бүр Алтан суварга болгоод гадуур нь сүм барьсан нь Алтан дээвэрт сүм юм.

Түүнээс инагш 200-аад жилийн дараа 1578 онд III Далай лам Содномжамц Түмэдийн Алтан хааны заллагад уригдаж уулзахаар явах замдаа Суварганы ойр орчмын айлуудыг нүүлгэж Майдарын нэгэн дуган бариулснаар Гүмбүм хийдийн суурь тавигджээ.

Бид эхлээд Алтан дээвэрт сүмийн гадуур хэдэнтээ гороолон дотогш орж суварганы өмнө алтан цөгцөнд хийсэн зул өргөн залбирч, тахилч ламын зөвшөөрлөөр дээд давхарт гараад Алтан суварганы хумхны харалдаа ирэхэд Богд Зонхавын гэгээн мишээн угтав. Бид мөлхөх шахам явсаар бишрэн залбирч ерөөл талбин хадаг юүгээ өргөж өмнө залрах мөнгөн мандалын ширээнээс адис хүртээд, Зонхавын мянган тахилын хурал хурж буй хуврагууд зэд барьж доош буун гарч ирэв. Бидний өмнөхөн Цогчэн хурлын мяндагтан лам нар Алтан суварганы хумханд саатах Богд Зонхавын мэлмийд алт өргөсөн буй нь ихээхэн бэлгэтэй зүйл болов. Төвөдийн тооллоор тэргүүн бүр сарын шинийн нэгэнд алтаар ширддэг уламжлалтай аж.

Дуганы үүдээр орохуйд л тансаг сайхан үнэр ханхийн, бурхад шүтээн тунгалаг сайхнаар ширтэн, Дончод буюу Мянган тахилын чуулган туналан хээлж, агшин зуур таван мэдрэхүйн хир буртагийг оромгүй мэт тунгалагшуулан бодь сэтгэл гэгээн үзлээр бие сэтгэлийг ханган зохиох нь гайхамшигтай мэдрэмж юм билээ. Тэртээ алсын дагшин орноо зорьсны хэрэг чухам энэ гэлтэй.

Алтан дээвэрт сүмийн баруунтаа Майдарын дуган, зүүнд Шагжаамүний бурханы дуган сүндэрлэж, зүүн урдаас Богд Зонхавын сэргэг дүр Алтан дээвэрт сүмийг ширтэн саатаж, өмнө нь бас нэг Зандан мод саглайн ургажээ. Дуганы гадна талыг Бурхан багшийн 12 зохионгуйгаар тод сайхан урлан хээлжээ.

Мэдээ, мэдээлэл

Манай үйл ажиллагаатай холбоотой мэдээ, аялалыг та эндээс үзэх боломжтой

Бүгдийг үзэх
Сансарын хүрдний иж бүрэн тайлбар
Сансарын хүрдний иж бүрэн тайлбар
2024-11-25

Амьдралын жаргал зовлонгийн шалтгаан, ирээдүй хойчийн зам мөрийн тухай дурайтал "Сансарын хүрдний тийн номлол" хэмээх номд тайлжээ.Номын тайлбар 2024...

Дэлгэрэнгүй
"Сансарын хүрдний тийн номлол" номын нээлт боллоо
"Сансарын хүрдний тийн номлол" номын нээлт боллоо
2024-11-10

Өвлийн тэргүүн сарын шинийн 8-нд (2024.11.08) Баянхонгор аймгийн Бурхан шашинтны төв Гон Гандан Дэдлин Хийд-д "Сансарын хүрдний тийн номлол" номын нээ...

Дэлгэрэнгүй
Мянган ногоон дарь эхийн дэлгэр хурал боллоо
Мянган ногоон дарь эхийн дэлгэр хурал боллоо
2024-10-28

Өндөр гэгээний мэндэлсэн их адистид өдөр Намрын адаг сарын 25 буюу 10 сарын 27-ны ням гарагт Мянган ногоон дарь эхийн дэлгэр хурал боллоо.Бид жилдээ н...

Дэлгэрэнгүй

Холбоо барих

Хэрвээ бидэнд илгээх хүсэлт байгаа бол доорх формыг бөглөн илгээгээрэй. Бид тантай хамгийн хурднаар холбогдох болно.

Манай Чухагт Эрдэнэ соёл гэгээрлийн төвтэй дараах, утас, и-мэйл хаягаар холбоо бариарай.

Борлуулалттай холбогдох

info@chukhagt-erdene.mn

Утсаар холбогдох

99135847, 91117901

Манай хаяг

ЧД, 6-р хороо, 47Б, Сан апартмент, 5давхар 508 тоот