Манай соёл, гэгээрлийн төв нь 2017 онд “Бумшийн бясалгал”-ыг хөтлөн явуулснаар үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд 2020 оны 4 дүгээр сард “ЧУХАГТ ЭРДЭНЭ” соёл, гэгээрлийн төв болж албан ёсоор байгуулагдсан нийгмийн сайн сайхны төлөө үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Бид нийгэм олон нийтийг соён гэгээрүүлэх үйлст хувь нэмэр оруулж Буддын мэдлэг ухааныг тайлбарлан таниулах, судалгаа шинжилгээ, бясалгал бүтээл хийх, лекц, сургалт зохион байгуулах, танин мэдэхүйн мэдээллийг түгээх зэрэг ажлыг зохион байгуулж байна.
Хүн ардыг буддын мэдлэг ухаанаар соён гэгээрүүлэх зорилгын хүрээнд 2020 онд “ОЮУНЛАГ ИРГЭН” төслийг санаачлан эхлүүлж, төслийн хүрээнд дараах сургалтыг хөтлөн явуулж байна. Үүнд:
- Бодь мөрийн зэрэг, төвөд хэл, чойр хосолсон гурван жилийн хөтөлбөр
- Танин мэдэхүйн аялал, сургалт
- Бумшийн бясалгал
- Мигзэмийн бүтээл
2017 оноос гадаад дотоодын Олон улсын эрдэм шинжилгээний хуралд 8 илтгэл хэлэлцүүлсэн, бичсэн, орчуулсан болон эмхэтгэсэн 17 цуврал ном олны хүртээл болгосон, олон нийтэд хандсан лекц 8 удаа, 1000 гаруй сүсэгтэнд Бумшийн бясалгалыг 10 гаруй удаа, Мигзэмийн бүтээл зэргийг хөтлөн явуулж байна.